2011-04-08 - Монголчуудын газарзүйн тухай мэдлэг ухаан, судалгааны түүх
МУБИС-ийн багш Ө.Амгалан
Газарзүй, хүрээлэн буй орчин бүр цаашилбал орчлон ертөнц гэдэг ойлголт ер нь ямар ач холбогдолтой вэ? Монголчууд энэхүү ойлголтыг хэдий үеэс судлан мэдэж эхлэв. Энэ бүхэн л Монголчуудын түүх угсаа, соёл иргэншил, өв уламжлалын тухай гадаад дотоодын аялагч жуулчдад мэдээлэл өгч байдаг аялал жуулчлалын мэргэжилтэн хэн бүхний мэдэх ёстой гэж ойлгож байна.
Монголчууд нь олон мянган жил хангай, говь, тал нутагт нүүдлэн мал аж ахуйг эрхлэн амьдрахдаа тэдгээрийн зүй тогтол хэрхэн хувьсан өөрчлөгдөх, нутаг орны газарзүйн байдлыг гаргууд сайн мэддэг байсан тухай олон жишээ баримт бий. Энэ нь тухайн үеийн монголчуудын эрхлэж байсан аж ахуй хийгээд хол ойрын нүүдэл, суудал хийдэг байсантай холбоотой байж болох. Нөгөөтэйгүүр эрт үеэс эхэлсэн эзлэн түрэмгийлэл, байлдан дагуулал, дайн тулаан зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж болно. Монголчуудын нь газар нутаг, газарзүйн байрлал зэргээс гадна өөр бусад орчлон ертөнцийн зүй тогтол, эх дэлхийн тухай өгүүлэхдээ “Эргэх энэ орчлонд эрдэнэт хүмүүний биеийг олж төрсөн маань гайхамшиг” хэмээн хэлэлцэж байхдаа эх дэлхийг эргэдэг гэдэг ойлголтыг мэдэж байсан нь гайхамшигтай. Монголчуудын байгуулж байсан Юань гүрний үед “Модоор дүгрэг бөмбөг үйлдэж газрын бөмбөрцөгийг дүрслэн, долоон хувийг ус болгож, үлдэх хувийг хуурай газар эзэлдэг” хэмээн сургааль ном айлдаг байсан тухай сударт өгүүлсэн байдаг.
Ингэж тэртээ XIII зууны үед орчин үеийн газарзүйн шинжлэх ухаантай адил сэтгэж байсан байна. Тухайлбал газар дэлхийн хэлбэр байдлын тухай “Эзэнт гүрний” сод эрдэмтэн Ш. Мянгат “Дэлхий нь өндөг хэлбэртэй зууван дугуй, хоёр тал урт, дунд талаараа бүдүүн” гэж тодорхойлсон байдаг. Эзэнт гүрний төрийн түшээ, одон зурхайч Чү Мэргэн 1219–1224 онд дундад Азид хийсэн аян дайнд биеэр оролцож дайран өнгөрсөн нутаг орны газарзүйн онцлог, ёс заншилийн талаар “Баруун зүг зорчсон тэмдэглэл” гэдэг бүтээлдээ туурвижээ. Чу мэргэн нь өөрийн эзэнт гүрний өргөн уудам нутаг дэвсгэр болон өөр улс оронд цаг мөч адилгүй байдгыг тогтоож цагийг зөрүүг тодорхойлохын тулд газарзүйн уртрагийн тухай ойлголтыг хөндөн гаргаж ирсэн байх юм.
Үүнээс гадна орчлон ертөнц хийгээд зүй тогтолын талаар 1874 онд зохиогдсон Замбутивийн асуудал гэдэг гар бичмэлд “...Замбутив нь бөөрөнхий бөгөөд нэгэн хоногт нэгэнтээ өнхөрөн 365 хоног төдий өнхөрсөөр нэгэн жилд нарыг нэгэнтээ тойрон гүйцдэг” гээд нар, сар, одод хаана үзэгдэх зэрэг асуудлыг хөндсөн байна. Монголчууд дэлхийн бусад улс орны талаарх мэдлэг маш сайн байсан ба тэдгээрийг Энэтхэгийг Жагар, Түвдийг Цастын орон, Непалыг Балба, Цейлоныг Арслан тив, Индонезийг Алтан тив, Арабыг Сарцан, Туркыг Хүнхээр, Узбекийг Сартуул, Туркменийг Хар тогмог, Унгарыг Мажар гэх зэргээр өөрсдийнх ньонцлогт тохируулан нэрлэж байжээ.
Монголчуудын газарзүйн санг аривжуулах бас нэг зүйл нь зураглал юм. Монголчуудын зураглалын хамгийн эртний мэдээ нь Хүннү болон Кидан гүрний үе холбогддог бол түүнээс хойш зураглал нь янз бүрийн хэрэгцээнд зориулагдах болсон байна. Газрын зургийг бүтээхдээ газрын бөмбөрцөгийн дүрс, газрын хол, ойрыг хэмжих, өргөрөг, уртраг, тэдгээрийг нэгэн зэрэг багтаах гээд арваад төрлийн багаж хэргэлдэг байсан нь тухайн үеийн Юан гүрний сударт тэмдэглэгдэн үлдсэн байна. Зураглалын масштаб нь нэг ямхад 20 газрыг багтаан зурдаг байжээ. Мөн зураглалын дүрслэл нь хэвтээ тусгал буюу дээрээс харсан байрлал, дэвсгэр зураг, нүүрийн тусгал буюу өмнө талаас харсан байдал, нүүрний зураг хоёрыг нэг дүрслэл дээр зурах аргыг түгээмэл хэрэглэж иржээ. Монголчуудын энэхүү аргаар зурж тэмдэглэж байсан зургуудын анхдагч нь Хүннү гүрний үед хамаарах бөгөөд Хятадын нэгэн сурвалжид Хүннү нарын газар нутгийн зургийг хулгайлан авч тэдэнтэй дайтах арга замаа сонгож байсан тухай мэдээ байдгаас үзвэл бид газрын зургийн нэн эртний уламжлалт байж Монголчуудын газарзүйн мэдлэг арвин баялаг байсан нь тодорхой болж байна. Гэхдээ энэхүү мэдлэг нь тухайн үеийн Монголчуудын дунд нийтлэг тархаад байсан бичиг үсгийн соёл, нийгмийн байддал, нүүдлийн аж амьдрал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан ард түмний дунд нийтлэг байж чадсангүй.
Монголын ард түмэн өөрсдийн эрхлэж байсан нүүдлийн мал аж ахуйтай холбоотой газарзүйн судалгааг өргөн хүрээнд биш ч ноцтой, онцлог үзэгдэлийг ном зохиол, сударт тэмдэглэж байжээ. Тодруулбал 1248 онд урьд хожид ховор үзэгдэх ган болж байсныг Юан улсын сударт тэмдэглэн үлдээжээ. Мөн үүнтэй 1337, 1339, 1340 онуудад болж байсан их хэмжээний ган, үлэмж хэмжээний цас орж байсныг тэмдэглэж байсан байна. 1907 онд болсон газар хөдлөлтийг Засагт хан аймгийн Лу Гүн (Лувсантүндэв) өөрийн өдрийн тэмдэглэлдээ “Миний бие Хүрээнээ буйд өглөө могой цагт газар дэлхий дуугарсангүй боловч нилээд хөдлөв. Мөн нэгэн цагт Бээжин хүртэл долгисов хэмээнэ” гээд нутгийн лам Өлзийбадрахтай уулзаад “Манай нутагт нэн их дуугарч газар хагарч Баруун таван бэлчирээс үүсч эрс чигээр Хангилцагийн голыг өгсөн, мөн даваагаар давж Улаанбулаг, Шонтын голыг уруудаж Өндөр Улааны өврөөр гарч Сэрвэнгийн давааг арлан гарч” гэхчлэн маш дэлгэрэнгүй газар нутгийн нэрийг дурьдан газрын зурагт дүрсэлхээр тодорхой дурьдсан байна. Монгол орны газар хөдлөлийн тухай мэдээлэл зөвхөн 90 орчим жилийг хамардаг боловч түүнээс өмнөх их бага газар хөдлөлийн тухай тэмдэглэн үлдээсэн олон баримт байдаг. Эдгээрээс гадна үер усны тухай мэдээлэл судалгаа цөөнгүй байдаг. 1915 онд Туул гол үерлэн Уу булан дүүрч, Цухал буланг давж, Зайсангийн дэнжийн хүрээр бялхаж, Гандангийн хүр хүрч, Их хүрээнийхнийг ихэд сандаргасан тухай мэдээлэлийг тухайн үеийн гар бичмэлүүдэд тодорхой тэмдэглэж байжээ.
Монголчуудын энэ мэт газарзүйн анхны судалгаа, тэмдэглэл нь тухайн үед олны хүртээл болж чадаагүй ч одоо цагт орчин үеийн газарзүйн судалгаанд үнэт бүтээл болон хэрэглэгдэж байгаа нь бахархалтай юм. Монгол орны газарзүйн судалгааны орчин үеийн хандлага бүрэлдэн бий болоход Орос болон тухайн үед төв азиар аялаж байсан судлаач, худалдаачин, эрдэмтэд гол үүрэг гүйцэтгэсэн. Эдгээрээс хамгийн түрүүнд Монгол орны газарзүйн судалгааны хөгжлийн үе шатыг Оросын нэрт эрдэмтэн, судлаач Э.М.Мурзаев олон хүчин зүйлийг харгалзан дараах байдлаар ангиласан байна. Үүнд:
1. Дундад зууны үеийн аяллууд
2. 17 –р зуунаас 1870 он хүртэлх үе
3. 1870 – 1917 он хүртэлх үе
4. Судалгааны орчин үеийн үе гэсэн 4 хуваасан байдаг.
Үүнээс сүүлд газарзүйн судалгааны хөгжлийн үеийг Хувьсгалаас өмнөх хувьсгалаас хойш гэсэн 2 том үе болгосон байдаг. Үүний гол шалтгаан нь дээрхи 4 үе нь хэдийгээр судалгааны явц , байдал үр дүнгийн хувьд дотрох үе үедээ өөр өөр байсан ч далайц чиглэл зорилгын хувьд онцлох зүйлгүй байсан гэж үзсэн холбоотой юм санж.
Монголчуудын эртний сурвалж бичигт монгол орны газар нутаг, уул усны тухай төрөл бүрийн мэдлэг мэдээлэл байдаг. Тухайн нутаг орны байгаль, газарзүйн онцлог шинж, байршил хэлбэр дүс, ургамал, амтьнэы тархац, хөрс шорооны бүтэц, ашигтмал, уур амьсгал, ус зүйн онцлог, түүхт үйл явдлыг тусгасан газарзүйн нэр томъёог Топонимик ихээхэн ач холбогдолтой бөгөөд монголчууд энэхүү салбар гаргууд сайн байжээ. Монголчуудын газарзүйн нэр томъёо нь дараах шинжийг ерөнхийлөн тусгасан байдаг нь эртний болон одоогийн судалгаанаас харагдаж байна. Газар нутаг, уулс усны нэрийг өнгө зүс заасан байдлаар нь (Цагаан богд, Улаан суварга), шинж чанар заасан байдлаар нь (Дулаан богд, Аж богд), зүг чиг заасан байдлаар нь (Зүүн баян, Дунд сайхан), хэлбэр дүрс харуулах байдлаар нь (Сэнжид цохио, Үзүүр хад , эрдэс баялаг агуулах байдлаар нь (Төмөр толгой, Алтат, Оюу толгой), хэлбэр өнгө галбираар нь (Өндөр улаан, Бөөн цагаан) гэх мэтээр нэрлэдэг байжээ.
Тэгвэл дэлхийн сонирхолыг татах болсон энэ орны газарзүй болон тухайн үеийн аж амьдралын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг хэн хийж байв. Монгол орны газарзүйн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан бүтээлүүд нь бүр 13-р зууны үед хамрагдаж байна. Тэр цагаас хойш бараг 800 орчим жил гадаад дотоодын олон эрдэмтэдийн бүтээлүүд нь монголын газарзүйн шинжлэх ухааны санг баяжуулсаар иржээ.
Монгол орны газар нутаг, уул ус, гол мөрөн, ан амьтан, ургамалын талаарх мэдээлэлээс монголчуудын ахуй амьдрал, зан заншилын тухай мэдээлэл дундад зууны үед монгол орныг судалж байсан гадаадын эрдэмтэдийн бүтээлд илүү тусгагдсан байдаг. Энэ нь тухайн үед монголчууд хүчирхэг байсан холбоотой юм. Тиймээс ч тэдний бичсэн эх зохиолд угсаатны зүй, аж ахуй, цэрэг дайны зохион байгуулалт зэрэгтэй холбогдох материал дийлэнх хувийг эзэлдэг байна. Харин Монгол эрдэмтэдийн хувьд дээр өгүүлсэн Эзэн гүрний төрийн түшээ, одон зурхайч төв азийн газарзүй судлал үнэтэй хувь нэмэр оруулсан Чу мэргэн 1219–1224 онд Дундад азид хийсэн аян дайны дараа “Баруун зүг зорчсон тэмдэглэл ” хэмээх бүтээлээ туурвиж газарзүйн уртрагийн ухагдахууныг судлаж цагийн зөрүүг тогтоож байсан бол XIII зууны сүүл XIV зууны эхэн үед “ Их Юаны их нэгдлийн тэмдэглэл ” хэмээх 1300 боть газарзүй, уран зохиолын агуу бүтээлийг туурьвиж байжээ.
Ер нь XIV-р зууныг хүртэл монгол орныг европийн аялагч жуулчид илүүтэй сонирхож байсан нь олон түүхэн сурвалжаас тодорхой байдаг. Тодруулбал Италийн лам Плано Карпини, Францын уран дархан Вельгельм Рубрик, Венецийн худалдаачин Марко Поло нарын монголчуудын тухай гаргасан мэдээ материал нь гэрчилэж байна. Монгол нутагт хамгийн олон жил буюу 17 жил байсан Марко Пологийн “Орчлон ертөнцийн элдэв сонин ” бүтээл нь одоог хүртэл олон орны хэл дээр бүтээгдэн дэлхийд Монголын түүхийг таниулсаар байна.
Дэлхий дахин XIV зууны эхэн үеэс гадаад далай тэнгисийг эзэмшиж эхэлсэнээр нэг хэсэгтээ буюу XVI зууны төгсгөлт үе хүртэл нэгэнт нээгдсэн байсан газар нутаг тэр дундаа монгол нутагт ирэх гадаадын аялагч жуулчид эрс цөөрсөн байдаг. Үүний дараа 17-р зууны эхэн үеэс Европчууд Төв ази, Хятад болон бусад улс оронтой худалдааны наймааны шинэ зах зээл олох зорилгоор дахин төв азийг сонирхож эхэлсэн байна. Мөн үүнтэй адил сонирхолоор Орос улс ч гэсэн Монгол орныг сонирхож эхлэхийн зэрэгцээ Европ болон Оросын худалдаачид аялагчдын нэгтгэсэн газарзүйн шинэ мэдээ материал хуримтлагдаж эхэлжээ. 17–р зуунаас эхэлсэн судалгааны үе нь 200 гаруй жилийн турш үргэжлэхэдээ Монгол орны газарзүйг тусгайлан судлалгүй зөвхөн худалдаа арилжааны чиглэлтэй явагдаж харин газарзүйн тал нь бусад ажлын хамт үзсэн харсанаа ажиглан тэмдэглэн үлдээсэн байгаа нь эх сурвалжуудаас ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч Монгол орноор явсан аялагчид нь 18–р зууны сүүл 19–р зууны эхэн үеэс газарзүйн онцлогийг нийтэд нь тодорхойлох, байгалийн зарим хэсгийн гарал үүслийг судлах анхны оролдолгийг гүйцэтгэж байжээ. Энэ үед Монгол оронд Виссилий Тюменец (1616 он ), Федор Байков (1654–1656 он), Софроны Грибовский (1794 он), Иакинф буюу Н. Я. Бичурин (1821 он) гэх зэрэг газарзүйн анхны судалгаа хийж байсан эрдэмтэд байна. Монголчуудын хувьд энэхүү цаг хугацаанд 1712 онд Түлихэн гэгч Сибирь, Тюмень зэрэг өөрийн аяласан газраа тэмдэглэл хийж нэгтгэн бүтээл бологн гаргаж, 1761 оноос эхлэн Халхын нутагт жилдээ хичнээн хэмжээний цас орж байсныг олон хошуудаас нарийвчлан авч дээд газраа мэдэгдэж байсныг тухайн үеийн чуулганы дарга нь хүснэгтлэн хөтлөж байсан хурангуй, 1777 онд Сүмбэ хамба Ишбалжирын бичсэн “Замбутивийн ерөнхийлөн номнологч үгс” хэмээх бүтээлдээ Монголын болон Энэтхэг, Түвд, Хятад зэрэг орны газарзүйн байдал, Оросын Москва хот, Цагаан далайг өгүүлсэн бүтээл, 1830 онд Жамбалчойжидданзанпэрэнлэй “Өмнөх Замбутивийн байр байцыг дэлгэн номолсон тодорхой толь” хэмээх бүтээлдээ дэлхийн бүтэц хийгээд олон улс , аймгийн тухйа өгүүлж байсан байх юм.
19–р зууны сүүл 20–р зууны эхээр Монгол оронд ирж судалгаа хийсэн жуулчид эрдэмтэдийн тоо түрүү үеийг бодвол харьцангуй олон болсон бөгөөд тэдний дотор Оросын эрдэмтэд дийлэнх хувийг эзлэж байдаг. Энэ нь тухайн үед 2 улсын хоорондын харилцаа өргөжиж Орос оронд байгаль шинжлэлийн ухаан хурдацтай хөгжиж байсантай холбоотой. Үүнээс гадна тухайн үеийн аялагч жуулчид нь Монгол орны газарзүйн судалгаа тусгайлан судалж эхэлсэн бөгөөд тусгай шинжилгээний анги хүртэл гаргаж байсан байна. Энэ үеийн аялагч эрдэмтдийн дотроос Н.М.Пржевальский, З.А. Матусовский, Г.Н.Потанин, М.В.Певцов, В.А.Обручев, П.ККозлов, В.Л.Комаров, Г. Е. Грумм–Гржимайло, М. А. Услов нарын бүтээл нь Монгол орны газарзүйн хувьд онцгой ач холбогдолтой байв. Эдгээр эрдэмтэд дотроос Монгол орны газарзүйн шинжлэх ухааны анхны төсөөлөлтэй судалгааг Н.М.Пржевальский хийж байжээ.
19–р зууны сүүл 20–р зууны эхэн үеэс Монгол орны газарзүйн судалгааг олон талтай өргөн хүрээнд хийхийн зэрэгцээ байгалийн нэг элментийг, багахан газар нутгийг онцгойлон судлаж эхэлсэн байдаг. Ийм хэсэгчилсэн судалгааг ерөнхийдөө Европын аялагчид хийж ном бүтээлдээ гаргаж байжээ. Тэдгээрийн дотроос Финляндын эрдэмтэн И.Г.Гранэ, Английн эрдэмтэн Дуглас Каррутерс нар юм. Финляндын эрдэмтэн И.Г. Гранэ нь 1906 онд Монгол орны Монгол Алтай болон хангайн нурууны эртний мөстлөг, Алтайн уулсын хөгжил өөрчлөлтийн судалгааг гүйцэтгэсэн бол Английн эрдэмтэн Дуглас Каррутерс нь 1910–1911 онд Монгол орноор аялахдаа Хархираа Түргэний уулсын орчин цагийн мөстлөгийг судалж Монгол орныг байгалийн бүсүүдэд хуваах анхны оролдлогыг хийсэн судалгаагаа “Үл мэдэх Монгол орон” бүтээлдээ нийтэлж байжээ. Энэ цаг үед Монгол эрдэмтэд тухайн үеийн аж ахуй амьдралтай холбогдсон байглийн элдэв сонин үзэгдэлийн талаар нарийвчлан тэмдэглэл хөтөлж тавтамжыг нь хүртэл тогтоож байсан байна. Тодруулбал 1868, 1877, 1886, 1903, 1915, 1917 онуудад Монгол орон болж байсан газар хөдлөлтийн талаар тэмдэглэл хийж бүр газар усны нэрийг нь хүртэл тэмдэглэн зураглал хийх боломжтой болгож байжээ. 1907 болсон газар хөдлөлтийг Засагт хан аймгийн Лу гүн Лувсантүндэвийн тэмдэглэн үлдээсэн өөрийн тэмдэглэлт тодорхой харагдаж байгааг дээр өгүүлсэн билээ.
Монгол оронд хувьсгал ялсанаас хойш Монголчууд соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэх тал дээр маш их анхаарч олон зуун жилийн хоцрогдолыг арилгахаар хичээж байсан. Үүний үр дүнд Монголчууд 1921 оны 11 сард байгууллагдсан Судар бичгийн хүрээлэнд өөрийн орны байгалийн судалгааны ажлыг хийж эхэлсэн байна. Хэдийгээр Оросын эрдэмтэдийн олон бүтээл судалгаа байсан боловч тэдгээр нь манай орны өргөн уудам нутгийг бүрэн хамарч чадаагүй байсан нь газар зүйн судалгаанд ихээхэн анхаарал тавих нөхцөл нь болсон байдаг. Иймд 1926 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд газар зүйн тасгийг байгуулж өөрийн орны газарзүйн судалгааг орчин үеийн шинжлэх ухаааны түвшинд төлөвлөгөөтэйгээр судалж эхэлсэн байдаг. Мөн 1926 онд 1:2000000 масштабтай Монгол орны физик газарзүйн зураг мөн сургалтын зориулалттай газарзүйн атлас хэвлэгдэж байжээ. Үүний дараагаар 1936 онд 1:2000000 масштабтай Монгол орны ерөнхий газарзүйн зураг, атлас хэвлэгдэн гарч байжээ.
Тухайн үед газарзүйн судалгааг явуулахад үндэсний боловсон хүчин, эрдэмтэн мэргэд дутагдалтай байсан ч боловсон хүчнийг ажлын явцад нь дагалдан сургаж ЗХУ–ын Шинжлэх ухааны академийн болон бусад олон эрдэм шинжилгээний байгууллагын экспедицийг урьж авчран ихээн туслалцаа авч байжээ.