2011-04-08 - Монгол улс
Боловсрол
Социализмын үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг үсэг үл мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан дотуур байртай сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.
1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль (одоогын 3 дугаар сургууль) байгуулагдсан бол 1923 оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох 1 дүгээр сургууль үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд монгол хэл бичиг, тооны ухаан, англи, франц, герман, хятад хэл зэрэг гадаад хэлээс гадна дэлхийн байдал, бодисын зүй, хувилахуй ухаан, байгаль судлал зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг зааж эхэлсэн байна. 1 дүгээр дунд сургуулийн анхны төгсөгчид болох 30 хөвгүүд охид 1926 онд Франц, Герман улсад боловсрол эзэмшихээр явцгаасан юм. Тэд бол шинэ Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй. 1929 он хүртэл ганцхан 1 дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.
1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт багассанаар бичиг үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ.
Бага, дунд боловсрол нь анх арван жил үргэлжилж байсан боловч 2008 оноос 12 жил болсон[18].
Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд Монгол Улсын Их Сургууль ба Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас үүссэн байна.
1990-ээд оноос хойш хувийн дээд боловсрол олгох инстутууд эрчимтэйгээр нэмэгдсэн боловч эдгээр сургуулиудын ихэнх нь "коллеж", "их сургууль" гэсэн нэрдээ хүрэх чадвар алга байна.
Эрүүл мэнд
Эрүүл мэнд, асрамжийн байдал Монголд хурдацтай хөгжиж байгаа[19] ба үүний үр дүнд дундаж наслалт дээшилж байгаа.
АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн мэдээллийн ном (CIA World Factbook)-ынхаар төрөлтийн хувь хэмжээ (нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо) нь 2.25[20]-1.87[21], хүн амын дундаж наслалт 67[22]-68[23], Амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 1.9%[24]-4%[25]; таван наснаас дооших хүүхдийн нас баралт 4.3%[26] байна.
2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь эмч, 788 нь эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид байна. Одоогийн байдлаар 10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор тус тус ноогдож байна.
Соёл
Наадам жил бүрийн 7 сарын 11-нд болдог. Энэ үеэр хурдан морь уралдуулах, сур харвах, бөх барилдах зэрэг эрийн гурван наадам болдогоороо онцлог юм.Мөн жил бүрийн хаврын эхэн сард монголчууд ах дүү төрөл төрөгсдөөрөө бие биенийдээ зочилж, золгон, бэлэг солилцдог уламжлалтай.
Барилга сууц
Монголын уламжлалт орон сууц нь гэр юм. Монголын уламжлалт уран барилгын үндсийг Н. Чүлтэм гэр ба майхан байсан гэж үзжээ. 16-17-р зууны хийдүүд нь анх гэр дотор үйл ажиллагаагаа явуулж, томосгох шаардлагатай байсан бол гэрийн загвараар урладаг байжээ. Монголын уран барилгыг гурав ангилдаг: Монгол, Төвд, Хятад, болон энэ гурвын холимог загвар.
Дуу хөгжим
Монгол нь дуу хөгжмийн уламжлал ихтэй. Хөөмий, морин хуур, бусад утсан хөгжмийн зэмсэг, богино ба уртын дуу зэрэг нь бүгд эртний дуу хөгжмийн өвүүд юм.
20-р зуунаас барууны сонгодог хөгжим монголд орж ирсэн бөгөөд монголын өөрийнх нь сонгодог хөгжимтэй нийлүүлсэн хувилбаруудыг хөгжмийн зохиолчид гаргаж ирж байна. Харин одоо рок, поп, хип-хоп хөгжимийг залуу дуучид тоглож газар авч байна.
Кино урлаг
Социализмын үед МАХН нь киног ашиглаж өөрийн үзэл, санаануудыг сурталчлах хэрэгсэл болгож байсан. Анхны кинонууд нь ардын ба хувьсгалын баатруудын сэдэвтэй байсан бол 1950-аад оноос ажилчин ангийн баатруудын сэдэвтэй болсон байна. 1970-аад оноос баримтат кинонууд, өдөр тутмын амьдралын тухай сэдэвтэй кинонууд гарах болов.
Ардчилал гарсны дараа кино урлаг тодорхой цаг хугацааны турш доройтсон боловч сүүлийн үед сэргэж байна. Харин Япон-Монголын хамтарсан "Чингис хаан" кино зэрэг гадаадын байгууллагын тусламжтайгаар кино бүтээх, мөн Доржхандын Төрмөнх, Даваагийн Бямбасүрэн зэрэг бие даасан найруулагчид гарах болжээ. Бямбасүрэнгийн "Ингэний нулимс" кино нь 2005 онд Оскарын шагналын гадаад баримтат кино төрөлд номинацилагдсан байна.
Сүүлийн үед "Татар ажиллагаа", "Намрын синдром" зэрэг залуучуудын сэдэвтэй кинонууд гарч эхэлж байна.
Хоол
Монголчуудын уламжлалт хоол хүнсэнд мах, цагаан идээ зонхилдог байв. Хонь, үхрийн махыг хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд төрөл бүрийн сүү боловсруулж цагаан идээ хийдэг. 20-р зуунаас Европ хүнсний ногоо монголчуудын хоол хүнсний чухал хэсэг болсон. Үндэсний хоол нь бууз юм.
Спорт
Эрийн гурван наадам болох морины уралдаан, нум сумын харваа, үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог.
Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний бөх юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг.
Сүүлийн үед ширээний теннис, сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортууд нь дэлгэрч байгаа. Ширээний теннисээр олон улсын хэмжээнд монгол тамирчид оролцоx болж байна.
Олон улсад
Монгол бөхчүүд Японы сүмо бөхөд маш амжилт гаргах болсон. 2003 онд Асашёорюү нь анхны Монгол ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд Хакүхо хоёр дахь нь болжээ.
Одоогоор Монгол улсын тамирчид зуны олимпоос 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд буй.
Жүдогийн 100 кг-н жинд Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн үеэр Монголын анхны алтан медалийг авчирсан.[27]
Буудлагын төрөлд Монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт (одоо Германы иргэн болсон), харин Отрядын Гүндэгмаа болон Цогбадрахын Мөнхзул нь 25 метрийн гар буудлагын төрлөөр 2007 оны 5 сарын байдлаар тус тус дэлхийд 2, 3-т эрэмбэлэгджээ.[28]
Боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байгаа. Бээжингийн олимпод 4 боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль авсан. Бадар-Ууган нь мөн 2007 оны Дэлхийн аваргаар мөнгөн медаль хүртжээ.
Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав алтан медаль авсан.
Хөлбөмбөг нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том хэмжээний тэмцээнд орж чадаагүй л байна.